Энэ цементээр өөрөө хийсэн цэцгийн савыг гаднах цэцэрлэгтээ байрлуулахад үзэмжтэй санагдлаа. Цементээр цэцгийн сав хийхийн тулд танд хэв гаргах том, жижиг 2 ширхэг цэцгийн сав хэрэг болно.

1. Том савны дотор талыг нь багс ашиглан ургамлын тосоор тосолно.



2. Жижиг савныхаа гадна талыг бас багс ашиглан тослоно.



3. Савны дээд талд нь 2-3 см зай үлдээж, том савандаа зуурсан цементээ хийнэ. Цементэн гадаргууг нь тэгшилнэ.



4. Цементтэй том савандаа жижиг цэцгийн саваа хийнэ. Гэхдээ ёроол хэсэгт нь хангалттай зузаан цемент байхаар тооцож, жижиг савыг доош нь цемент рүү түлхэж оруулна.



5. Цемент хатаж, хэвэнд ортол жижиг цэцгийн савандаа чулуу ч юмуу хүнд зүйл хийж, 24-48 цаг цементээ хатаана.



6. Хэв болгон ашигласан савнуудаа эвтэйхэн салгаж, бэлэн болсон цементэн савныхаа хурц ирмэгүүдийг нь хуурайгаар зөөлөн үрж тэгшилнэ.



7. Цэцэрлэгийн хашаандаа тохирсон хэлбэр дүрстэй цэцгийн савнуудыг өөрөө хийж болох нээ. Цемент хатсаны дараа цэцгийн савныхаа ёроолыг нь өрөмдөж илүүдэл ус гарах нүхнүүд гаргаж болно. Эсвэл анх хэв гаргаж байхдаа том савныхаа ёроолд нь үйсэн бөглөө тавиад дээрээс нь цементээ асгавал нүхтэй болчихдог гэнэ. Бэлэн болсон савандаа цэцэгнүүдээ суулгаад услах үед таны хийсэн цэцгийн сав бараан хар сааралдуу өнгөтэй болж, харин ус хатахаар буцаад саарал өнгөтэй болно.



8. Цементээр янз бүрийн сав хийж болох нээ. Лааны суурь нь жижиг хэмжээтэй учраас анх хийж байгаа хүмүүст хийхэд илүү хялбар байдаг. Йогуртны сав, маргарины савыг хэв болгож лааны суурь хийж болно.



9. Цэцэрлэгийн хашаагаа чимэглэж, янз бүрийн хэлбэр дүрстэй савнууд хийж болно.

10. Зуны халуунд шувуу ус уухад зориулсан birdbath гэгчийг бас цементээр хийж болно. Хэв сонгож авахдаа намхан, өргөн хоёр хэв хэрэгтэй. Бас ижил хэмжээтэй нилээн хэдэн чулуу аваад, чулуугаа ургамлын тосоор тосолж, нойтон цементэндээ шигтгэж өгнө. Бүр жаахан бүтээлчээр сэтгээд, ёроолд нь жижиг тольнууд шигтгэвэл усны тусгал нь харагдаад бүр гоё болох нээ.



11. Жижиг савнууд цементээр хийгээд туршлагажаад ирэхээрээ бүр том эд зүйлс хийгээрэй. Үүнд, урт сандал байж болно. Сандал хийхийн тулд фанер, хүрээ моднуудыг хэв болгоно. Ингэж хийсэн сандал нь маш хүнд учраас нэг суурин газарт байрлуулсан нь дээр. Энэ сандал дээрээ нөгөө хийсэн цэцэгтэй савнуудаа тавьчихвал бүр янзтай.



Өөрөө дагаад хийчихэл гайгүй хялбар санагдлаа, хашаагаа чимэглэж ийм цэцгийн савнуудыг та ч бас хийгээд үзээрэй. Амжилт !

Эх сурвалж: www.bhg.com 









0 comments:

Post a Comment