Энэ фуксия нь Dollar Princess гэдэг нэртэй сортых бөгөөд хоёр дахь жилдээ ургаж байна. Цэцгийн савны хэмжээ 54см, өндөр 76 см, өргөн 101 см. Эхний жилдээ энэ цэцгийг 2 литрийн саванд сургуулж байсан бас хэлбэржүүлэхийн тулд чимхэлт хийж, бас цэцгийн үзэсгэлэнд оруулсан. Үзэсгэлэнд орсны дараа савыг нь томруулж, Английн баруун хойд хэсэгт өвөлжин гадаа байлгасан ба 12-р сард хяруунд бүх навч нь унасан. 


Хавар болж шинэ навчнууд ургаж эхлэхэд, түрүү жилийн сунасан мөчирнүүдийг бүгдийг нь тайрч, хөрсөн дээр нь Nitroform нэртэй бордоо тавьсан (6 сарын турш хөрсөн дээр байж удаан уусдаг азотын бордоо). Үүнээс нэг сарын дараа, potash (нүүрсхүчлийн кали) -ын бордоогоор нэг удаа бордсон (өвлийн туршид хөрсөн дэх фосфор ба нүүрсхүчлийн кали нь бороо цасны усанд урсаж арилсан учир түүнийг нь нөхөх зорилгоор). 


Зуны бүгчим халуун өдрүүдэд өдөртөө 2 удаа усалж, үүнээс өөр онцын арчилгаа хийгээгүй. Цэцэглээд хатаж гундсан дэлбээг нь ч зулгааж аваагүй, саванд нь хамт ургаж байгаа зэрлэг ургамлыг нь ч зулгаасангүй. Тэгсэн хирнээ л үзэмжтэй сайхан цэцэглэж, цэцэрлэгийг минь чимж байлаа. 


Dollar Princess сортын энэ фуксия нь хүйтэнд тэсвэртэй, бас ургуулахад онцын арчилгаа шаардаад байхгүй, хөрсний дээр байгаа бүх навчийг хяруу цохих хүртэл тасралтгүй цэцэглэдэг.


Энэ зургийг авах үед 8-р сар байсан ба ямар нэг байдлаар хэлбэржүүлээгүй хирнээ л маш олон цэцэгтэй байлаа.








0 comments:

Post a Comment