Эх сурвалж: AAPCC (American Association of Poison Control Centers),
CAPCC (Canadian Association of Poison Control Centres), blankees.com


Бидний тасалгаандаа тарьдаг олон төрлийн түгээмэл цэцэг, ургамлууд нь халуун орноос гаралтай, бага гэрэл шаарддаг зэргээрээ өрөө тасалгаанд тарихад тохиромжтой байдаг. Гэвч халуун орны олон цэцэг, ургамал нь гэрт байгаа амьтан болон хүнд хортой элементүүдийг өөртөө агуулдаг. Хэрэв та доорх цэцэг, ургамлыг өрөө тасалгаандаа тарьдаг бол тэдгээр нь таны гэрийн тэжээвэр амьтад болон хүүхэд тань доорх ургамлын навч, цэцгийг амандаа хийх, зажлах зэргээс болгоомжлоорой.

1. Зуун наст (Aloe barbadensis)

Нийтлэг нэр: Хятад зуун наст, Энэтхэг зуун наст, Жинхэнэ зуун наст, Барбадос зуун наст, Анхны тусламжийн ургамал, Диваажингийн дохиур, Шидэт ургамал
Ботаник нэр: Aloe barbadensis
Хортой хэсэг: шүүс
Хортой найрлага: aloe-emodin
Тайлбар: Эрт дээр үеэс зуун настыг хүн төрөлхтөн арьсны янз бүрийн түлэгдэлт, шарханд ашиглаж ирснээрээ олонд танигдсан тасалгааны ургамал юм. Мэдрэмтгий арьстай хүмүүс зуун настыг шарханд хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй. Зууны настын гаднах хальсыг хуулж, дотор талын давхарга болох шар шүүсийг нь үлдээнэ. Олон жил болсон зуун настын энэ шар шүүс нь харшил үүсэх гол зүйл юм.  Хэрэглэхээсээ өмнө гарынхаа бугуй гэх мэт хэсэгхэн арьсан дээр хэрэглэж харшил үүсгэх эсэхийг шалгаарай.
Зуун настын хальсны яг доор байрлах шүүс нь бүдүүн гэдсэнд харшил үүсгэж гүйлгэдэг. Мөн зуун настын найрлаганд Aloin хэмээх бодис байдаг. 2003 онд АНУ-ын FDA (Food and Drug Administration)-аас хориглох хүртэл уг бодисыг туулгах эмийн найрлаганд оруулж байжээ.
Гэхдээ зуун наст нь олон ашиг тустай гэдэг нь эргэлзээгүй бөгөөд агаар цэвэршүүлэх ургамалд зүй ёсоор тооцогдож байна.

2. Харимсгана (Amaryllis)

Нийтлэг нэр: Харимсгана, Жерсей Сараана
Ботаник нэр: Amaryllis
Хортой хэсэг: Булцуу
Хортой найрлага: Lycorine
Тайлбар: Харимсгана нь 18-р зууны үед олонд танигдсан Өмнөд Африкаас гаралтай ургамал юм. Харимсгана нь Amaryllidaceae бүлэгт багтах ургамал юм. Түүний булцууг их хэмжээгээр идэх (амьтад) нь гүйлгэх, дотор муухайруулах, толгой эргэх зэрэг хортой нөлөөтэй.

3. Годонхой (Anthurium andraeanum)

Нийтлэг нэр: Фламинго Лили, Годонхой
Ботаник нэр: Anthurium andraeanum
Хортой хэсэг: Бүх хэсэг
Хортой найрлага: Calcium oxalate
Тайлбар: Хэрэв зажилбал ам, хоолой хорсож өвдөх тул залгиснаас болж асуудал үүснэ гэж айлтгүй. Харин зажилснаас болж хордлогын ерөнхий шинж тэмдэг нь цэврүү үсрэх, залгихад хүндрэл учрах, хоолой сөөнгөтөх зэрэг болно.

4. Зааны чих (Caladium x hortulanum)

Нийтлэг нэр: Сахиусан тэнгэрийн далавч, Зааны чих, Исүсийн зүрх
Ботаник нэр: Caladium x hortulanum
Хортой хэсэг: Бүх хэсэг
Хортой найрлага:  Calcium oxalate
Тайлбар: Зажилах, залгих үед ам, хоолой, ходоод гэдсийг цочроож хордуулна. Хүүхэд болон нохой, муур зэрэг тэжээвэр амьтад уг ургамлын навчийг амандаа үмхэх, хазах нь бүгд эрсдэлтэй.

5. Удвал (Chrysanthemum sp.)

Нийтлэг нэр: Хризантема, Удвал
Ботаник нэр: Chrysanthemum sp.
Хортой хэсэг: навч, иш
Хортой найрлага:   Arteglasin A
Тайлбар: Удвал цэцэг ихээр тарьсан цэцэрлэгт удаан байх нь зарим хүмүүст арьсны харшил үүсгэдэг. Цэцэг ургуулагч, сувилагч болон цэцэрлэгч зэрэг хүмүүст энэ нь нэг төрлийн мэргэжлийн өвчин болдог. Гэсэн хэдий ч уг цэцэг нь агаар цэвэршүүлэгч цэцгийн тоонд ордог юм байна.

6. Гүнгоо (Clivia miniata)

Нийтлэг нэр: Kaffir Lily, Гүнгоо, Кливия
Ботаник нэр: Clivia miniata
Хортой хэсэг: үндэс
Хортой найрлага:  Lycorine 
Тайлбар: Гүнгоо цэцэг нь alkaloid lycorine хэмээх бодисыг бага хэмжээгээр агуулдаг. Их хэмжээгээр идэж хэрэглэх нь хордлого үзүүлдэг. Хордсоны үндсэн шинж тэмдэг нь татах, гүйлгэх, биеийн хэсгүүд хөдөлгөөнгүй болох, бөөлжих зэрэг болно.

7. Махлай (Codiaeum variegatum)

Нийтлэг нэр: Кротон
Ботаник нэр: Codiaeum variegatum
Хортой хэсэг: холтос, үндэс, навч, шүүс
Хортой найрлага:   5-deoxyingenol
Тайлбар: Холтос ба үндсийг зажлах нь ам түлнэ. Ургамлын шүүсэнд олон хүрснээр зарим цэцэрлэгчдийн арьсанд экзем гардаг.

8. Ниллэг (Cyclamen persicum)

Нийтлэг нэр: Цикламен, Перс нил цэцэг
Ботаник нэр: Cyclamen persicum
Хортой хэсэг: булцуу, үндэс
Хортой найрлага:   Cyclamin A
Тайлбар: Булцуунаас ургасан үндэс нь гашуун бөгөөд хөрсөн доор байрлах тул хүүхэд болон тэжээвэр амьтад барагтай л бол хүрдэггүй. Хэрэв ямар нэг байдлаар уг үндсийг зажлах зэргээр хэрэглэвэл маш хүчтэй туулгах үйлчилгээ үзүүлдэг хортой юм.



7 comments:

Post a Comment